Sunday, November 29, 2009

Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн

Хүнийх болоод явчих нь бас л амархан байна даа
Энэ сарны дор яг л энэ газраа
Эргээд уулзах нь худлаа л байх даа
Бурхадын уран зураг мэт гоё цагаан үүл
Бусдын нутагт очоод бороо болоод асгана даа
Элсэн дээр тогтсон хос мөрний хонхорхойд
Эндхийн бороо орж дусаал тогтооно доо

Хэд гурван гүрвэл үүгээр гүйлдэж
Хээрийн соньхон худагнаас цангаа тайлна даа
Хармагийн бутны жимс ганц нэгээр унахдаа
Хайртай чиний минь цамцан дээр улаан толбоор үлдэнэ дээ
Одлог тэнгэрийн дор нойргүй хонож
Онцгой долоон бурханыг үдшийн үдэш зүсэлж
Үүр цайхыг үзэн бороонд норж явсан чинь
Үлгэр шиг санагдах цаг тийм ч холгүй байна даа…
Амраг минь
Алсаас чамдаа хундага өргөе
Хуучин уулздаг цэцэрлэгтээ ирье
Хуурай газрыг нортол уйлъя
Хулан гэдэг цэцэг эндээс лав ургана
Тэр цэцгийг чи минь тасдаж аваад
Энгэртээ зүүж гэртээ хариарай
Эхнэр чинь асуувал битгий хэлээрэй
Элгэндээ чимээгүй тэвэрч
Цэцгийн зулай дээр үнсээрэй…
Гуйж мөргөөд ч болов бурхан танаас хүсье
Гунигаа тайлтал нэг үнсэлдэхсэн
Гудамжинд өдрөөр эсвэл шөнө дөлөөр…
Гудайх оддын дор өвс ногоон дээр…
Хоёулханаа орон дотроо…
Хотол үймсэн европын гудамжнаа
Хонгор найз элбэгтэй Парижийн буудалд
Алтан говийн элсэн дээр
Америкийн шигүү хороололд…
Дэлхийн хаана ч гэсэн
Дээр доороо орон үнсэлдэж л буй
Лал, Христос, Буддын уншлага дор
Ламбада бүжгийн янаг аялгуун дор
Шалба норсон борооны бүлээн цутгалан дор
Шаахай болоод даашинзгүй, уруулын будаггүй
Үнсэлдэхсэн …
Олдошгүй үхэшгүй хайртай амрагаа
Ороонго мод адил тэврээд
Родены баримал мэт хоёулаа
Мөнхийн мөнхөд үлдэхсэн

No comments:

Post a Comment