Sunday, November 29, 2009

Хорин насандаа бүхнийг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хийж чадвал гучин насандаа зовох юмгүй амьдарна

 Хүн бүр эрт орой хэзээ нэгэн цагт хувиа хичээгч болон хувирдаг
.”Амьдрал гэдэг зовлон”
Будда бурхны хэлсэн энэ үгийг иш татсан татаагүй хүн бүхэнд амьдрал гэдэг амаргүй даваа. Гэтэл гуч гарсан насны хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүдийг хараад байхад тэд амьдралын зовлон бэрхшээл дунд өөрийн хувиа хичээсэн зангаа хүлээн зөвшөөрч чадахгүй, харин ч бүр тэр зантайгаа тэмцэж шаналж байдаг.


Өөрөө унасан хүүхэд уйлдаггүйн адилаар эртхэн хувиа хичээж амьдарч байхгүй яавдаа хэмээн  дэмий л өөрийгөө зүхэж суугаа эмэгтэй, хувиа хичээхийг аяндаа сургаад өгдөг энэ хорвоог халаглан шөнийн нойроо хагасалж байгаа эмэгтэй... гэтэл бүр аль хэдийн хувиа хичээгч болчихсон амьдрал нь агуулахад хураалгаатай бараа мэт элбэг хангалуун, аз жаргалдаа умбасан эмэгтэй гээд янз бүрийн эмэгтэйчүүд байдаг.
Харин ганц тодорхой зүйл нь тэдгээр эмэгтэйчүүд чи би гэлтгүй бүгдээрээ хорвоо ийм гэдгийг  арай жаахан эрт мэдсэн ч болоосой  гэж боддог явдал юм.
Өөрөөр хэлбэл залуу байхдаа нэг их ач холбогдол өгдөггүй байсан  зүйлүүд маань бидний амьдралд хичнээн чухал болохыг ойлгож ухаарсан гэсэн үг юм.
Мөнгө сайн олдог нөхөр, тансаг хувцас, баячуудын хороололд байрлалтай байр, баталгаатай амьдрал зэрэг хориод хасанд тийм ч их чухалд тооцогддоггүй байсан зүйлүүд одоо  тэдгээр бүсгүйчүүдийн амьдралд чухал байр суурь эзлэх болжээ. Урьд нь үгүйсгэж, хүлээн зөвшөөрдөггүй байсан “хувиа хичээгч”-ид болчихсон байгаа нь энэ билээ. Гэвч тэдгээрийн хэн нь ч өөрийгөө хувиа хичээгч болсон гэж боддоггүй. Магадгүй хэн нэг нь тэднийг хувиа хичээгч гэж хэлбэл тэд энэ үгийг “дайчин эмэгтэй” гэсэн арай гоёмсог үгээр солихыг оролдох байх.
Тэд бодит байдал, амьдрал гэж юу болохыг ойлгосны төлөө заавал ийм нэр хоч өгөх хэрэгтэй юмуу гэсэн байдлаар ханддаг юм.
Ямартай ч яг нэг ижил зүйлийг мэдэж авч ойлгож ухаарсан байтал яагаад хорин насандаа мэдвэл “хувиа хичээгч” , гучин насандаа мэдвэл “амьдрал мэддэг” гэж дүгнэдэг юм бэ?
Хорин нас гэдэг бол “гэнэн хонгор” гэсэн пайз зүүлттэй байдаг үе билээ.
Энэ пайзанд хэт автагдаж хийсэн бүтээсэн юмгүй хорин насаа өнгөрөөгөөд гуч гарсан хойноо бусдын адил амьдрал гэж юу болохыг мэдэж үлдсэн насаа амьдралын төлөө тэмцсээр өнгөрөөдөг.
Эртхэн мөнгөтэй дотносвол гуч гарсан хойноо, дөч, тавин насандаа хангалуун, сайхан амьдарч болох байхад бид тэгж чаддаггүй шүү дээ. Мөнгө, бодит амьдрал хоёрын талаарх буруу ойлголтоосоо салж мөнгийг чөлөөтэй хүлээж авдаг болж чадвал нас тогтсон хойноо юм юмаар дутагдаж амьдрах шаардлагагүй болно гэсэн үг шүү дээ. Заримдаа дөч гарсан хойноо ч өнгө жавхаагаа алдаагүй эмэгтэйчүүдтэй бид тааралддаг. Тэд бол нэг чигийн урсгалтай замаас эртхэн гарч хувиа хичээгчийн замыг сонгосон  хүмүүс билээ.
Гэхдээ тэдгээр эмэгтэйчүүд өөрсдийгөө хувиа хичээгч гэдгийг хүлээн зөвшөөрнө үү, эс зөвшөөрнө үү энэ нь огт чухал биш.
Бүх л насаараа романтик эмэгтэй байж болдог.
М нэг курсийн найз Р ийг үргэлж өрөвдөлтэй амьтан гэж боддог байлаа.
Р тухайн үед дээд сургуулийн оюутан бүрийн мэддэг наад захын гүн ухааны  бүтээлийн нэрийг ч мэддэггүй, дандаа эдийн засгийн сэтгүүл цүнхэлж явдаг байлаа. Тэр охин олон оюутнууд бөөнөөрөө  оролцдог төрөл бүрийн дугуйланд ч явдаггүй байв. М-ийн нүдэнд наргих наадах, хичээл хийх хоёртоо л цаг заваа зарцуулдаг Р жинхэнэ амиа хичээгч болж харагддаг байлаа. Бас дээрээс нь  үргэлж гадаад өнгө үзэмжээ цэвэр сайхан авч явдаг нь түүнийг хувиа хичээгч батлах мэт байдаг байв.
Нэг өдөр М тэсэлгүй Р-ийн нүүрэн дээр түүнийг буруушааж орхилоо.
“Чи ингэхэд ер нь юу бодож амьдардаг хүн бэ? Чиний толгой лав хоосон байхаа.”
Учрыг нь ухаж мэдэхэд  хэцүүхэн М-ийн энэ шүүмжлэлийн хариуд Р ихэд гайхсан байдлаар сөргүүлэн асуулаа. “би яасан юм бэ? Чи тэгээд өөрөө юуны төлөө амьдардаг юм бэ?”
“Би нэг их мундаг үйл бүтээж амьдардаггүй л дээ. Гэхдээ л арай ч чам шиг байдаггүй.
Дээд сургуулийн оюутан хүн нийгмийнхээ төлөө гэсэн сэтгэлтэйгээр амьдрах ёстой биш үү?”
Хариуд нь Р ингэж хэлээд уур хилэнгээ багтааж ядсан М-ийг орхин одлоо.
“Одоогийн байдлаар чи нийгмийн төлөө юу хийж чадахыг чинь мэдэхгүй юм даа. Өөрөө өөрийгөө ч аятайхан аваад явчихаж чадахгүй байж нийгмийн төлөө юугаа хийж бүтээх гэсэн юм бол доо. Чааваас”
Р-ийн өөдөөс хэлэх үг М-д өч төчнөөн байсан ч аль хэдийн холдон одсон болохоор араас нь ганц л үг хэлээд  хоцорлоо.
“Хувиа хичээгч”
Арван жилийн дараа М санаандгүй учралаар Р-тэй тааралдав. Сургуулиа төгсөөд санаанд нийцсэн ажлаа  олж  чадалгүй энэ тэр ажлыг сольж хийн, хадамд гарсан эгчийндээ амьдарч байгаа М талх авахаар дэлгүүрт явж байлаа.
“Хүүе, Сайн  байна уу?”
Р арван жилийн өмнөхөөсөө ялгагдах юмгүй харагдаж байлаа. Сэтгэл тэнүүн амьдардаг гэдэг нь нүүрэн дээр нь илт харагдаж, царай нь урьдынхаасаа  улам ч хөөрхөн болсон мэт байлаа. М стресснээсээ болж ядарч туйлдсан царай, галбираа алдсан биеэ хараад олон зүйлийг эргэцүүлэн бодлоо. Өөрийгөө арчлах, өөрийгөө хөгжүүлэх ажилд л хамаг цаг заваа зарцуулдаг байсан Р багагүй хугацаанд хуримтлуулсан ажлын дадлага туршлагынхаа ачаар хамгийн сүүлд гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажилд орсон байлаа. Бас М  Р-ийг өндөр цалин авдаг том байгууллагын нягтлан бодогч хийдэг залуутай сууж сайхан амьдарч байгааг нь хэн нэгнээс дуулсан байв.
“Энэ их боов, талхаар яах нь вэ?”
“Хэдэн жилийн өмнөөс ядарсан айлын хүүхдүүд явдаг нэг анги дааж аваад боломжийнхоо хирээр жаахан тусалдаг болсон юм. Өнөөдөр тэндэхийн хүүхүүдийг эргэж очдог юм уу гээд явж байна.”
“Чи юу? Чи чинь тиймэрхүү юм сонирхдоггүй байсан биздээ?”
“Ажлынхаа шугамаар явж байгаад мэддэг болсон юм аа.
Би тэр хүүхдүүдэд туслаад юу шалих вэ, хааяа л нэг хэдэн талх,боов барьж очих юм даа.”
Р-ийн үг болон үйлдэл нь чин сэтгэлийнх байлаа. Тэр үнэн сэтгэлээсээ ярьж байгаа нь мэдэгдэж байв.
Амьдралын төлөө гүйсээр байгаад ядарч гүйцсэн М өөрийн их  сургуульд байхдаа мөрөөддөг байсан дүр төрхийг Р-ээс олж харлаа. Их сургуулиа төссөнөөс хойш бусдад туслах гэдгийг ор тас мартаж дан ганц идэж амьдрах гэдэг асуудалтай тулгарсаар өөрийн мөрөөддөг байсан дүр төрхөөсөө бага багаар холдож байгаа нь энэ...
М Санта өвөөгийн бэлгийн уут шиг том уутаар дүүрэн боов, талх тэврээд гарч байгаа Р-ийн хойноос хий л гөлрөн хоцорлоо.
Нөхрийнхөө олсон мөнгийг зарцуулан сэтгэл зовох юмгүй амьдарч байгаа Р-ийн дүр төрх, их үйлс бүтээж хорвоо ертөнцийг эзэгнэж амьдрах мэтээр өөрийгөө төсөөлдөг байсан төсөөлөл, одоогийн байгаа байдал хоёрын хоорондох ялгаа нь түүнд хүнд цохилт боллоо.
Оюутны бослого хөдөлгөөнд оролцож нийгмийг цэвэршүүлэхэд  хувь нэмрээ оруулахаа байг гэхэд нийгэмд  ямар нэгэн  өртэй мэт амьдарч, нийгмийнхээ төлөө ямар нэгэн юм хийе гэсэн эрмэлзэлтэй байдаг нь оюутан нас билээ.
М шиг олон залуучууд өөрсөддөө ахадсан дүр төрхөд хувирч үлгэрийн мэт нийгмийг цогцлоон байгуулах гэж  эрмэлздэг.
Одоо үеийн хорьтой охид бүсгүйчүүд тиймэрхүү зүйлээр сэтгэлээ зовоолгүй бодит байдалдаа  үнэнч амьдардаг болсон хэдий ч бидний үеийнхээс эрс өөрчлөгдсөн нь үгүй.
Заримдаа интернетэд ороод хорин настангуудын бичиж үлдээсэн зүйлүүдийг уншиж байхад бидний үеийнхний мөрөөддөг байсан тэр агуу мөрөөдөл хувцсаа л сольж өмссөн болохоос биш яг хэвээрээ байгааг хараад гайхшаа барах үе олон байдаг. Одоо хирнэ дан ганц хайраар хорвоог туулна гэсэн итгэлээр дүүрэн нэгний бичсэн зүйл, агуу их хүсэл мөрөөдлийнхөө төлөө юугаа ч хайрлахгүй гэж ам өчгөө өгсөн зүйл бишгүй нэг тохиолдоно.Өөрөө л нүүр бардам байвал  ямар ч ажил хийнэ гэсэн бөх зүрхтэй нэгний үг, доор нь түүнийг дэмжсэн, сайшаасан, урам зориг өгсөн үгс үргэлжилнэ.
Хувиа хичээгч болно гэдэг бодит орчиндоо үнэнч байхыг хэлнэ. Өөрийн аз жаргалын төлөө л бүхнийг зориулна гэсэн үг юм. “Аз жаргалынхаа төлөө байх” гэдэг нь өөрийн сэтгэл татагдаж байгаа зүгрүүгээ явах бус өөрт байгаа хүч энергээ зорилгодоо нийцүүлж зарцуулна гэсэн үг юм. Бид ихэнхдээ зорилгоо биелүүлсэн үедээ аз жаргалыг мэдэрдэг. Нөгөөтэйгүүр сэтгэл татагдаад хийсэн ажил маань бүтэлгүйдлийг авч ирэх тохиолдол тоочиж баршгүй олон байдаг.
Амьдралын салаа зам дээр зогсож ажил, гэрлэлт, үзэл бодол бүрэлдэн тогтох зэрэг чухал үйл явдлуудыг үзэж өнгөрөөдөг хорин насандаа бодит орчноо зөв зүйтэй харж чаддаг боллоо гэж бодъё.
Эрт харж чаддаг болох тусмаа гуч гарсан хойноо залхам амьдралын боол болохгүй байж болно. Биеийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж, баян болохыг мөрөөдөж, бусад хүмүүс хүлээн зөвшөөрөхүйц нүүр бардам ажлын байр олж, чадвартай, царайлаг залуутай гэрлэхийг хүсэх нь мэдээжийн бөгөөд зүй ёсны хэрэг билээ.
Гэлээ гээд ийм үзэл бодолтой байхын тулд хайр энэрэл, ёс суртахуун гэх мэт оюуны үнэлэмжээсээ татгалзах хэрэгтэй юм байна гэж бүү бодогтун.
Бодит үнэ цэнэ ба оюуны үнэ цэнэ хоёрын аль нэгийг нь сонгох ёстой гэсэн үг биш, нэгэн зэрэг хоёуланг нь байлгаж болох бөгөөд,хоёуланг нь нэгэн зэрэг байлгах  шаардлагатай хоорондоо нягт уялдаа холбоо бүхий нэгдмэл хүчин зүйлс юм.
Бодит зүйл дээр амжилт гаргах чадваргүй хүмүүсийн хамгийн их ач холбогдол өгдөг зүйл нь оюун санааны үнэ цэнэ гэгч зүйл билээ. Голдуу бодит байдал гэдэг ханатай мөргөлдөх болгондоо оюун санааны үнэ цэнэ гэгч зүйлээр шалтаглан бууж өгдөг юм.
Гэтэл оюуны үнэлэмж нь бодит байдлын үнэлэмжинд түшиглэн илүү их гэрэл гэгээ цацруулж байдаг зүйл аж. Ганц бие, харж хандах хүнгүй хөгшид өөрсдийг нь хараад харуусч өрөвдсөн дулаан харцнаас хүйтэн өрөөг нь дулаацуулах түлшийг илүүд үздэг. Ядуу, өлмөн зэлмэн хүүхдүүдэд амьд явах эрхээр хангагдах тухай лекцийг чанга дуугаар уншиж өгсөнөөс  яг одоо өл залгуулах ганц аяга хоол илүү үнэ цэнэтэй байх нь ойлгомжтой. Өөрөө бусдаас арай илүү хангалуун амьдарч, хоногийн хоолныхоо төлөө санаа зовохгүй байж байж л бусдад тусалж чадна гэдэг хэн бүхэнд ойлгомжтой  энгийн нэгэн ойлголт. Бодит байдалтайгаа эвлэрсэн, өөрийнхөө төлөө явагч нэгэн болно гэдэг нь хүсэл мөрөөдлөөсөө татгалзаж дан ганц баялгийн төлөө явах гэсэн үг огт биш.
Өөрийнхөө төлөө бүхнийг хийе гэсэн сэтгэл байвал хүсэл мөрөөдлөө “солонгын цаанаас” эрж хайх биш өөрийн гар хүрэх газраасаа эрж хай гэсэн утгатай үг юм.
Өндөр хүүтэй хадгаламжинд мөнгөө хадгалуулж  баяжих эхний алхамаа хийх, биеийн галбир, үзэмжиндээ анхаарч өөрийн үнэ цэнийг өсгөх зэрэг наад захын жижиг юмнаас бүх зүйл эхэлдэг.
Кино найруулагч  болъё гэвэл жүжигчдийн арга эвийг сайн олж сурах, юмыг дээд зэргээр зохион байгуулах чадвартай болох, СЕО болохыг хүсч байвал даруйхан бичиг цаастай зөв харьцаж сурах нь эхний алхамууд билээ.
Эдгээр сонголтууд томорч хоорондоо нийлэн нэгэн том бүхэл болох тэр цагт мөрөөдөл биелсэн байдаг юм. Бодит байдалдаа хөтлөгдөж яваад яалт ч үгүй амьдралын төлөө тэмцэж эхэлж байснаас эртхэн бодит байдлаа хянаж амьдралыг бүхэлд нь өөрийн талд эргүүлэх нь зуу дахин оновчтой сонголт юм. Эцэст нь хэлэхэд энэ бүхнийг хорин насандаа ухаарна гэдэг үнэхээр олзуурхаад баршгүй хэрэг юм шүү.
Яагаад гэвэл бодит байдлын зүй тогтлыг ухаж мэднэ гэдэг бодит байдлын хүлээснээс гарч бодит байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж чадна гэсэн үг юм.
Хувь заяаныхаа эзэн болж бүхнийг эзэмшиж амьдарна гэдэг хичнээн сайхан хэрэг билээ.
Хорин настай байхад ямар нэгэн саад, хязгаар гэж байдаггүй. Юу ч хийсэн хорин настай гэдгээр чинь бүх зүйл чамруу мишээж байдаг. Арван хэдтэй байхдаа том болоогүй болохоор болохгүй  зүйлүүд зөндөө  байдаг, гучин хэдэн насанд бол хормойноос чинь зүүгдсэн янз бүрийн зүйлүүдээс болоод чадахгүй юм их гарч ирдэг.  Эдгээртэй харьцуулахад хорин нас гэдэг арван хэдтэй юм шиг бусдаар өхөөрдүүлж, гучин хэдтэй юм шиг бусдаар хүндлүүлж байдаг үе биш билээ.
Энэ л үед хэрэгжүүлж чадахгүй бол цаашдаа нэг үзээд алдах, өөрт ашигтайгаар хийх зүйлүүд бага багаар цөөрдөг.
Энэ нь хорин настайдаа  хувиа хичээгч болж чадвал гуч хүрээд арай бага зоьно гэсэн үг. Хорин хастай эмэгтэй хэн бүхэнд сэтгэл хангалуун  ажил хийж, сайн хүнтэй хайр дурлалын холбоо тогтоож, баян чинээлэг амьдрах боломж дүүрэн байдаг. Гагцхүү бүхнийг өөрийнхөө төлөө хийдэг хувиа хичээгч болж чадвал шүү дээ.
Одоо та ямар нэгэн зүйл дээр хувиа хичээх болохоороо сэтгэлийн тань нэг мухарт байгаад байдаг ичих, санаа зовох гэдэг зүйлээсээ сал.
Өөрийнхөө аз жаргалын төлөө бодит байдалд нийцсэн шийд гаргана гэдэг  юу нь муухай байгаа юм бэ.

No comments:

Post a Comment