Sunday, November 29, 2009

Ганцаардал

Хүмүүс яагаад ганцаарддаг вэ?

Ганцаардах нь эмгэг үү, эсвэл утга учир уу? Тодорхойлж, тооцоолж боломгүй олон янзын агшин хүний амьдралд тохиолддогийн нэг нь ганцаардал. Yүнийг хэрхэн даван туулахаас л бидний цаашдын амьдралын гэрэл асах уу, бүдгэрэх үү гэдэг нь шалтгаалдаг.
Зарим хүн ганцаардлаас айж, зүрх сэтгэлээ сонсох бүхий л арга замыг хаачихдагаас болж гэмт хэргийн сэтгэхүйг өөртөө бий болгодог бол зарим нь ганцаардлыг ухаалгаар сонсож, “түүний” юу хүсээд байгааг нь хүлээн зөвшөөрч, тайтгаруулж сурсан байдаг. Тэгвэл өөр нэг хэсэг буюу цөөнх нь ганцаардлыг овжин ашиглаж урлагийн бүтээл болгон түүхнээ үлдээсэн нь өдгөө бидний нүд, сэтгэлийг баясгаж байна.
Ганцаардал бол хүн төрөлхтний мөнхийн зовлон бөгөөд тэдний хөгжил дэвшлийн бүхий л шат зөвхөн ганцаардлын эсрэг зогсож байсан мэт санагдана. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн ганцаардлыг даван туулахын төлөө амьдарч, нийгэмшиж, зугаа цэнгэлийн газруудыг үй олноор нь бүтээн босгож, урлагийн бүтээл туурвиж, нүд сэтгэлээ хуурах боломж бүхнийг бүтээн босгосныг бид харж байна. Тийм ч учраас өнөөдөр зугаа цэнгэлийн газрууд болон цаг нөхцөөх арга хэрэгслүүд нь мөнгийг уул овоо мэт хураах хамгийн хялбар арга болжээ. Яагаад гэвэл хүмүүс цаг үргэлж ганцаардаж байдгаас л тэр. Яг энэ л шалтгаанаар хүн төрөлхтөн гэмт хэрэгтнүүдийг гэсгээх хамгийн оновчтой арга бодож олсон нь тэдний эрх чөлөөг хасаж, олон нийтээс тусгаарладаг шорон гяндан. Шоронд аймшигтай ганцаардал тэнүүчлэн явдаг бөгөөд гэмт хэрэгтнийг хүмүүсийн дунд яагаад байж болохгүй болсныг нь зүй ёсоор ухааруулдаг.
Судалгаанаас үзвэл тамхи татдаг эмэгтэйчүүд бүгд л ямар нэгэн хэмжээгээр ганцаардлаас үүдсэн сэтгэл зүйн хямралыг биеэрээ амсаж, туулсан байдаг. Түүнийг даван туулах хамгийн ойр дөт арга нь тамхи. Бусадтай хуваалцаж боломгүй сэтгэлийн зовлонд өртсөн эмэгтэйчүүд хэзээ ч түүнээс татгалзаж чадахгүй болтлоо тамхинд орсон байдгийн нууц нь ердөө л энэ.
Харин эрчүүдийн хувьд ганцаардах гэгч эмгэгийг мэдрэх ч сөхөөгүй болтлоо хөлчүүрэх ганц боломж бол архи. Сархадын аагинд согтсон ямар ч хүнд түүний амьдрал, ганцаардал нь хөгийн өчүүхэн санагддагаас тэд мансуурлын тэрхэн агшингаар амьдралаа солиход бэлэн болсон байдаг. Тэгвэл хэзээ ч ганцаардахгүй байж болох уу? гэсэн асуулт эндээс урган гарна. Хариулт нь “огтхон ч үгүй”.
Ганцаардана гэдэг эрүүл сэтгэхүйтэй хүн бүрт зайлшгүй тохиолдох ёстой сорил юм. Энд сорил гэж хэлэхийг анзаарав уу? Өөрөөр хэлбэл ганцаардал нь хатуу ширүүн, яхир чанга араншинтай амьдралыг даван туулах нэг талын сэтгэл зүйн бэлтгэл болж өгдөг учраас түүнээс зугтан дайжихыг хичээнэ гэдэг таныг хожим амьдралын өмнө цагаан тугаа өргөөд нэг насныхаа утга учрыг хогийн сав руу чулуудах эхлэл болж ч мэднэ.
Тиймээс ганцаардалд нэгэнт хүлэгдсэн бол та юуны өмнө түүнийг яг л ээж шиг нь анхааралтай сонсох хэрэгтэй. Учир нь ганцаардлыг үүсгэгч нь юуны өмнө хувь хүн өөрөө байдаг. Харин түүнийг хэрхэн жолоодох вэ гэдэг нь ганцаардагчийн сэтгэл оюун. Бүр тодруулбал хүн ганцаардлыг удирдан жолоодож болно гэсэн үг.

Яаж гэж үү?

Зарим хүн “сайн дураараа” ганцаарддаг. Энэ нь тэдэнд утга учир авчирдгаас л тэр шүү дээ. Ийнхүү сайн дураараа ганцаарддаг хүмүүс ихэвчлэн амьдралыг бүтээгчид байдаг. Тэд ганцаардалтайгаа илэн далангүй ярилцаж чаддаг бөгөөд үр дүнд нь үзгээ шүүрэн авч, бийр янтайгаа бариад урлагийн бүтээл туурвидаг.
Жинхэнэ ганцаардал жинхэнэ урлагийг бүтээж чаддагийг тэд амьдралаасаа суралцсан байдгийн нэг жишээ энэ. Харин өөр нэг хэсэг нь ганцаардлаа сонсохоос үргэлж айдаг учраас аль болох оюун ухаанаа самууруулах, цаг хугацааг мартагнах хамгийн хялбар аргыг эрж олохоор гадуур хувцсаа шүүрэн аваад зугаа цэнгэлийн газруудаар хэрэн хэсдэг байхад үлдсэн хэсэг нь ганцаардлаа муйхраар таслан зогсоохоор олс, дээс барин өндөр байшин руу мацах юм уу, буруутныг эрж олохоор бухимдана. Хүн бүрт урлагийн авьяас байдаггүй тул та үзэг цаас бариад ганцаардлаа сонс гэх нь тийм ч оновчтой хувилбар биш.
Бид инээмээр байсан ч инээхгүйг хичээж, уйлмаар байсан ч нулимсаа тэвчин шүд зуусаар хэдэн жил, сарыг элээх нь бий. Хэрвээ танд сэтгэлээ онгойтол хэн нэгэнтэй ярилцмаар, гэнэт чангаар хашгирмаар, холын хол тэнүүчлэн одмоор, үгүй бол бүр хангинатал дуулмаар, уйлмаар сэтгэгдэл төрөөд байх болсон бол та ганцаардлын тун хүнд шатанд өөрийн мэдэлгүй орчихсон байна гэсэн үг.
Тэгвэл энэ бүхэн гарах ёстой зүйлсээ цаг тухайд нь гаргахгүй байсантай л холбоотой. Зарим хүн кино үзэж байхдаа дэргэдэх нь нулимс унагаж суухыг харвал арчаагүй доройг нь шоолон инээж, ингэснээрээ дэлгэцэн дээрх гунигтай агшныг мартагнан өнгөрөөхийн сацуу сул доройчуудын эгнээнд өөрийгөө оруулчихалгүй авч үлдэх гэж хичээж байхтай бид цөөнгүй таардаг. Тэднийг харин ч шоолон инээх хэрэгтэй.
Хүний нулимс, инээд хоёр маш их эрч хүч агуулж байдаг зүйл. Тэрхүү эрч хүчийг өөрөө өөрөөсөө харамлаж сууна гэдэг бие сэтгэлээ ганцаардлын харанхуйд сайн дураараа төөрүүлж байгаагаас өөрцгүй. Тиймээс уйлмаар санагдсан бол уйлж, инээмээр байгаа бол өөрийгөө хүчээр хорьж доромжлолгүй инээх л хэрэгтэй. Хөгжилтэй орнууд өөрийгөө хүндэтгэдэг хүн бүр сэтгэл зүйч эмч дээр нэг бус удаа очдог. Тэд сэтгэхүйн өвчтэйдөө юм уу, оюуны хомсдолтойдоо тийм алхам хийж байгаа хэрэг огтхон ч биш.
Хүний сэтгэхүй гэдэг цаг үргэлж дүүрч, дундарч байдаг нэг төрлийн сав учраас түүнийгээ хэн нэгэнтэй хуваалцан дундалж, дүүргэж байх учиртайг тэд ойлгосон байдаг тул ийнхүү сэтгэл зүйч эмчид ханддаг байна. Гэхдээ бидний нөхцөлд ийнхүү байнга сэтгэл зүйч эмч дээр очоод байх боломжгүй учраас ойр дотныхондоо юм уу, найз нөхөддөө зүрх сэтгэлээ нээж байх нь чухал.
Хүмүүс яагаад бие биедээ хайртай гэдгээ илэрхийлж, түүнийг нь хүлээж авсан тохиолдолд хязгааргүй догдлон баярладаг вэ гэдгийн тайлал нь энэ. Тиймээс та өөртөө хандаад ирсэн хэн нэгний үгийг тас цохин хөөхөөсөө өмнө анхааралтай сонсохыг хичээгээрэй. Ингэснээр та түүнийг ганцаардлаас булаан авч чадах төдийгүй өөртөө ч сэтгэл хангалуун үлдэх болно.
Нэг гэр бүлийнхэн хоорондоо ойлголцохоо больсон байх нь цөөнгүй. Энэ тохиолдолд тэд бие биенээ жигшин үздэг. Сайн анзаарвал тэдний дотор маш их уйтгар, ганцаардал буглан явсаар бөөн хар энерги болон хуралдсан байхыг та мэдэрч болно. Тийм айлд ороход нэг л хүйтэн, гэрэлгүй мэт санагддаг.
Харин тун удахгүй зад тавих гэж байгаа тэр хар энергийн эх үүсвэр нь тухайн гэр бүлийн гишүүдийн хэн нэгний өөртөө итгэлгүй, хүндэтгэлгүй ханддаг болон ганцаардлаа механикаар тайлж сурсантай л холбоотой байдаг. Хар үүл мэт хуралдсан тэр энергийг тайлахын тулд үүсгэгчийг нь олох хэрэгтэй.
Нэгэнт түүнийг олсон бол хамгийн гол нь тэр хүнийг анхааралтай сонсож, үнэн сэтгэлээсээ анд нөхөд бололцохыг хичээвэл хар энерги маш түргэн задран сарних болно. Ер нь ганцаардлаас үүдсэн хар санаа маш хэврэг зүйл байдаг. Ганцхан түүнийг задлан сарниах хамгийн ононвчтой аргыг л олох нь чухал.
Эцэст нь хэлэхэд удирдан жолоодож сурсан цагт ганцаардал гэдэг тийм ч аймшигтай зүйл биш бөгөөд харин ч таны амьдралыг утга учиртай болгож чадах Бурханы хишиг юм. Хэрвээ та яг одоо ганцаардаж байгаа бол таны зүрх сэтгэл танаас өөрийгөө хүндэтгэхийг шаардаж байна гэсэн үг. Бүр тодруулбал таны байгаа байдал зүрх сэтгэлээсээ ямар нэг хэмжээгээр дор орсон байгааг танд сануулж байгаа нь тэр. Тиймээс зүрх сэтгэлээ өндөрт өргөж, түүнд таарч тохирох эмийг эрүүл ухаанаар эрж олох хэрэгтэй.

No comments:

Post a Comment