Wednesday, October 21, 2009

Дарс хэрэглэх соёл

Эхний хундгыг хүртэхүй буюу аператив
Эхний хундага дарсыг хоолны өмнө уух бөгөөд энэ нь нэлээд мэдрэмж шаардсан аператив хэмээх ёслол байдаг. Хоол идэх дуршил нэмэхээс гадна зочид хоорондоо танилцах, цаг нөхцөөх зорилготой. Энэ үед хөргөсөн ундаа, хуурай дарс, чанга архийг шингэлсэн байдлаар барина. Мөн давстай жигнэмэг, хуурсан самар, жимс санал болгодог. Уламжилж ирснээр бол чинзано, мартини, кампари зэрэг дарсыг ийм тохиолдолд хэрэглэдэг байна.

Эхний хундгыг хэн өргөдөг вэ ?
Гэрийн эзэн, эсвэл эзэгтэйн баруун талд суугаа хамгийн хүндэт зочин өргөнө. Хундага өргөх ёс нь ихэвчлэн үг хэлэхтэй хамт болдог үйлдэл бөгөөд Европт бол үүнийг гол төлөв эрчүүдийн ажил гэж үздэг байна. Зоогт морилсон хэн нэг хатагтайн төлөө хундага өргөх тохиолдолд хүндэтгэлээ хариу илэрхийлэхдээ хатагтай мэхийн ёслоход л хангалттай. Үг хэлж хундага өргөсний хариуд олон үг хэлдэггүй байна.
Гэрийн эзэн эсвэл эрэгтэй зочдын хэн нэг хатагтай нарт шинэ лонхноос дарс хундгалахаар болбол эхний хэдэн дуслыг өөртөө хийж уудаг. Хундагатай дарсанд хор хийдэг байсан эртний уламжлалаас үүдэлтэй энэ зан үйл одоо цагт гэрийн эзний “Дарсны чанарт эргэлзэх хэрэгггүй, миний дарс сайн, ямар нэг хар буруу санаа байхгүй” гэдгийг давхар илтгэх үйлдэл ажээ. Мөн дарс онгойлгоход үйрсэн үйсэн бөглөө зочных нь аяганд орохоос болгоомжилж буй хэрэг гэж тайлбарладаг байна.
Дарс хоол ундаатай зохицох нь
Хатуу дарсны өмнө сулавтрыг, үнэтэй нандин дарсны өмнө энгийнийг өгдөг. Хуурай дарсыг чихэрлэгийн өмнө өгнө. Дарс сулавтар байх тусам хундага том байдаг. Амтат жүрж, зэрэг хүчиллэг жимс, утсан мах, давсалсан загас, өндөг, шоколадтай дарсыг хэзээ ч хольдоггүй. Бас кофе уух үед зөвхөн коньяк, ликёр уух бөгөөд дарс огт хэрэглэдэггүй. Дарс бүр хоолтойгоо зохицох ёстой. Шөлний дараа мадер, портзейн, хоёрдугаар хоолонд бургунд болон бордо өөрөөр хэлбэл улаан дарс, загасны дараа портер болон эль–ийг ууна. Амтлаг хоолонд херес, амттанд мускатель, алиготе зэрэг болно.. Үхэр, хонь, гахай, галуу, нугасны махыг улаан виногоор даруулдаг. Гэх мэтчилэн бэлтгээд өгсөн дүрэм дагаад заншсан дэг байдгийг мэддэг ч манайхан хэрэгжүүлэхдээ хойрго, бүр сөрөх мэт эсрэгээр нь хийх гээд байдаг. Ингэж авирлах нь сүүтэй цай, тараг хоёрыг хольж уухаас огт ялгаагүй гэдгийг сануулж байна.

No comments:

Post a Comment